Мэдээ, мэдээлэл

Монголын Олон Улсын Арбитрын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Шинэбаяр болон Нарийн бичгийн дарга Н.Батдорж нар Монгол Улсын ТОП аж ахуйн нэгж “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ болон Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудад арбитрын байгууллагын үйл ажиллагаа, давуу тал, онцлогийн талаар танин мэдүүлэх, мөн гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөл байдлын талаар ойлголт, мэдээлэл өгөх хоёр удаагийн сургалт зохион байгуулан 2021 оны 11 сарын 11-ний өдөр Эрдэнэт хотод ажиллалаа.

“Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ нь Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр аж ахуйн нэгж, байгууллагуудын борлуулалт, татварын орлого, даатгуулагчдын тоо, ашгийн хэмжээ, хөрөнгө зэргийг эрэмбэлэн тогтоодог Монгол Улсын ТОП аж ахуй нэгжүүдийн шалгаруулалтад 19 дэх жилдээ тэргүүлж байгаа бөгөөд КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралтай нөхцөл байдлын үед нийгмийн хариуцлагынхаа хүрээнд иргэдийн өрхийн хэрэглээний ус, цахилгаан, дулааны зардлын санхүүжилтийг шийдвэрлэж байсан билээ.

Сургалтад “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын хуулийн хэлтсийн ажилтнууд болон бусад сонирхсон албан тушаалтнууд, мөн Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын Орхон аймаг дахь гишүүн байгууллагуудын холбогдох ажилтнууд хамрагдан мэдээлэл авч сургалтын сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.

Сургалтад идэвхтэй хамрагдсан нийт аж ахуйн нэгжүүдэд болон сургалт зохион байгуулахад хамтран ажилласан Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын Орхон Аймаг дахь Салбар Танхимын хамт олонд талархал илэрхийлье.