Мэдээ, мэдээлэл

2019 онд шинэчлэн найруулагдсан Монголын Олон Улсын Арбитрын дүрэм болон 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн Арбитрчдын зөвлөлийн тогтоолоор батлагдсан Монголын Олон Улсын Арбитрын Сургалтын хорооны дүрмийн хүрээнд “Арбитрчдын мэргэшүүлэх сургалт”-ыг анх удаа зохион байгууллаа.

Тус сургалтыг өмгөөллийн “Легал Линк Си Би Эй” ХХН-ийн Гүйцэтгэх захирал Л.Отгонбаяр, Партнер Б.Батсэлэнгэ, Ахлах хуульч Н.Мөнхтуяа, Хуулийн мэргэжилтэн Э.Төгстөгөлдөр нар FIDIC буюу Олон улсын зөвлөх инженерүүдийн холбооноос гаргасан загвар гэрээнүүдийн талаар ерөнхий ойлголт, загвар гэрээнүүдийн хоорондын ялгаа, гэрээний тусгай нөхцөлийг хэрхэн бэлтгэх, төлбөрийн нөхцөл, баталгааны талаарх зохицуулалт, зураг төсөл, туршилт, ажил хүлээж авах талаар болон маргаан шийдвэрлэлт, дотоодын хууль тогтоомжийн уялдаа гэсэн сэдвээр явууллаа. Сургалтын дараагаар сургалтад хамрагдсан арбитрч нарын сонирхсон асуултад хариу өгч дэлгэрэнгүй хэлэлцүүлэг өрнүүллээ.

Сургалтын төгсгөлд Т.Мэндсайхан арбитрчийн 2021 онд эрхлэн гаргасан “Гэрээний эрх зүй” номыг сургалтад хамрагдсан нийт арбитрчдад бэлэглэлээ. Сургалтад идэвхтэй хамрагдсан нийт арбитрчид болон сургалт зохион байгуулахад хамтран ажилласан өмгөөллийн “Легал Линк Си Би Эй” ХХН-ийн хамт олонд талархал илэрхийлье.