Мэдээ, мэдээлэл

Шинэ номын танилцуулга

1 дүгээр сар 11th, 2023

Та бүхэнд Монголын олон улсын арбитраас эрхлэн гаргасан "Арбитрын толь бичиг: Монгол- Англи- Орос, Латин тайлбар толь" номыг танилцуулж байна.

Олон улсын шинжтэй, худалдаа болон эдийн засгийн маргааныг олон улсын арбитраар хянан шийдвэрлэх ажиллагаанд орон орны арбитрч, хуульч, өмгөөлөгчид харилцан ойлголцох шаардлага үүсдэг. Энэ шалтгааны улмаас арбитраар хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйд эртнээс хэрэглэж тогтсон латин нэр томьёог үндэсний эрх зүй буюу Иргэний эрх зүй болон Олон улсын хувийн эрх зүйд нэг мөр ойлгох нь чухал байдаг.

Энэхүү номоор дамжуулан арбитрын эрх зүйд түгээмэл хэрэглэгддэг гадаад нэр томьёо болон ойлголтыг эх хэлнээ хөрвүүлэх, нутагшуулах, нэг мөр ойлгох, улмаар арбитрын журмаар маргаан хянан шийдвэрлэх практикт зохистой хэрэглэхэд тус нэмэр болгох үүднээс эрхлэн гаргаж байна.

Монгол Улсын эдийн засгийн гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр хөрөнгө оруулагчдад шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэх дотоодын эрх зүйн орчныг судлах хэрэгцээ, шаардлага бий болно. Бизнесийн маргааныг арбитраар хянан шийдвэрлэхэд Олон улсын эрх зүйд хэрэглэгддэг Монгол-Англи-Орос-Латин нэр томьёог эмхэтгэн толь бичгийн хэлбэрт хэвлэн арбитрын эрх зүйн чиглэлээр суралцагсад болон судлаачдад зориулан толилуулж байна.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай.