Мэдээ, мэдээлэл

Монголын олон улсын арбитр нь Америкийн Нэгдсэн Улсын Худалдааны яамны санхүүжилтээр хэрэгждэг “Арилжааны эрх зүйн хөгжлийн хөтөлбөр /Commercial Law Development Program/”-тэй шүүхийн бус журмаар маргаан хянан шийдвэрлэх тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллахаар тохиролцсоны дагуу 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр МОУА-ын арбитрчид, ажлын албаны мэргэжилтнүүд болон нарийн бичгийн дарга нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх хамтарсан сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтыг Арилжааны эрх зүйн хөгжлийн хөтөлбөрийн урилгаар Монгол Улсад хүрэлцэн ирсэн арилжааны эрх зүй, түүн дотор олон улсын арбитрын чиглэлээр 30 гаруй жилийн баялаг туршлагатай хуульч, арбитрч Чонг Ий Лион /Chong Yee Leong/ болон Фрэнсис Шавиер /Francis Xavier/ нар “Олон улсын арилжааны арбитрын семинар: Шилдэг туршлагууд” сэдвийн хүрээнд дэлгэрэнгүй хэлэлцүүлэг өрнүүлж арбитрчийн хувьд мэргэшсэн, бие даасан байдал, хүлээн авсан хэрэгтээ шударга ёсыг хангах, ашиг сонирхлын зөрчлийн талаарх ямар эрсдэлтэй нөхцөл үүсэж болох болон арбитрын ажиллагааны явцад гарч болох, анхаарах шаардлагатай нийтлэг асуудлуудаар сургалтад оролцсон арбитрчидтай туршлага хуваалцлаа.

Тус сургалтыг Арилжааны эрх зүйн хөгжлийн хөтөлбөрийн зөвлөх, өмгөөлөгч хатагтай Гришма Прадхан /Grishma Pradhan/ болон олон улсын хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн хатагтай Чимай Тран-Луу /Chimai Tran-Luu/ нартай хийсэн уулзалтын үр дүнд сургалтын агуулгыг харилцан тохиролцож, цаашид энэ чиглэлийн сургалтын хөтөлбөрийг илүү нарийвчлан арбитрчид болон ажлын албаны мэргэжилтнүүд, нарийн бичгийн дарга нарт тогтмол зохион байгуулахаар тохиролцсон юм.

Сургалтад идэвхтэй хамрагдсан нийт арбитрчид болон сургалт зохион байгуулахад хамтран ажилласан “Арилжааны эрх зүйн хөгжлийн хөтөлбөр”-ийн хамт олонд талархал илэрхийлье.