Мэдээ, мэдээлэл

Монгол Улсад арбитр үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтсан Арбитрчдын өдрийн хэлэлцүүлэг эхэллээ. МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын арбитраар 2017-2019 оны хооронд 231 хэрэг шийдвэрлэгдэж, нийт 128.7 тэрбум төгрөгийн нэхэмжлэлийг хүлээж авсан байна.

Арбитрын ажиллагааны онцлог нь гэрээ, хэлцлээс үүссэн маргааныг хүнд сурталгүй, олон шат дамжлагагүйгээр, бага зардлаар шуурхай шийдвэрлэхэд оршдог.

 

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин: Өнөөдөр 93 мянган компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд жилд ойролцоогоор 500 мянга гаруй гэрээ хэлцэл хийдэг. Манайд ч мөн хөгжиж буй орны адил бизнесийн маргаан, гэрээний зөрчил, үл ойлголцол нэлээд гардаг. Нийт маргааны 0,2 орчим хувь нь л арбитраар шийдэгддэг гэхээр энэ бол маш чамлалттай тоо. Шүүхийн ачааллыг бууруулах, маргааныг түргэн шуурхай шийдэхэд арбитр нь маш чухал үүрэгтэйг сурталчлах, ойлгуулах нь чухал байна. Хэдэн шатны шүүх дамжаад хэрэг нь замхарсан, цаг, хугацаа, хөрөнгө санхүүгийн багагүй хохирол амссан компаниуд үүнийг гэрчлэх байх...

 

МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын арбитрын дарга С.Энхцэцэг: Хэрэг хянан шийдвэрлэх, эвлэрүүлэн зуучлах, лавлагаа тодорхойлолт олгох, сургалт явуулах зэрэг үйлчилгээг илүү түргэн шуурхай үзүүлэхийн тулд боломжит хэмжээнд нь онлайн, электрон хэлбэрт шилжүүлэхээр “Цахим арбитр” төсөл боловсруулан ажиллаж байна. Ирэх оны II улиралд ашиглаж эхлэх төлөвлөгөөтэй байна.

МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын арбиртын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Шинэбаяр: Манай арбирт сүүлийн хоёр жилд 128.7 тэрбум төгрөгийн нэхэмжлэл хүлээн авч, 231 хэрэг шийдвэрлэсэн байна. Салбараар нь харахад барилга, санхүү, тээврийн үйл ажиллагаатай холбоотой маргаан дийлэнх хувийг эзэлж байна. Гэрээний хувьд худалдах худалдан авах ажиллагаа, ажил гүйцэтгэх гэрээ, зээлийн гэрээтэй холбоотой маргаан түлхүү ирж байна. Тус арбитраар шийдвэрлэгдсэн нийт хэрэг болон архивлагдсан материалуудыг электрон хэлбэрт оруулж, хэргийн нууцлалыг хөндөхгүйгээр олон нийтэд нээлттэй болгохоор зорьж байгаа.

"Аспайр майнинг лимитед" ХХК-ийн хуульч М.Энх-Од: Олон улсад арбитраар шийдвэрлэгдсэн хэргийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэх үндэслэл, эрх ашиг сонирхолд харшилж буй эсэхийг шалгасны үндсэн дээр шийдвэрийг гүйцэтгэх, эс гүйцэтгэхээ шүүх шийдэх эрхтэй...

Арбитр гэж юу вэ?

Худалдаа, бизнес, эдийн засгийн аливаа гэрээнээс үүссэн маргаан зөрчлийг шүүхэд очилгүйгээр, талуудын чөлөөт тохиролцооны үндсэн дээр харьцангуй бага зардал, хялбар процессоор шуурхай хянан шийдвэрлэдэг үйл явц юм.

Аливаа арбитрын байгууллагын үнэт зүйл нь арбитрчид байдаг. МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын арбитр нь хууль, эдийн засаг, банк санхүү, барилга, уул уурхай зэрэг салбарт мэргэшсэн, Монголын болон олон улсын 77 арбитрчтай.

МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын арбитраар 2017-2019 оны хооронд 231 хэрэг шийдвэрлэгдэж, нийт 128.7 тэрбум төгрөгийн нэхэмжлэлийг хүлээж авсан байна.

Арбитраар маргаанаа шийдвэрлүүлэхийн давуу тал юу вэ?

Иргэний шүүх нь анхан, давж заалдах болон хяналтын 3 шат дамжин олон бэрхшээл үүсэх магадлалтай байдаг бол АРБИТР нь хэрэг маргааныг нэг үе шаттайгаар шийдвэрлэж эцсийн шийдвэр гаргадаг.