Мэдээ, мэдээлэл

МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитр /МОУА/-ын төлөөлөгчид “Хонгконгийн арбитрын 7 хоног-2019” арга хэмжээнд оролцох үеэрээ Хонгконгийн Олон улсын арбитрын төв /ХКОУАТ/-ийн ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Сара Гриммертэй уулзан арбитрын төв хоорондын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

МОУА болон ХКОУАТ хооронд 2018 оны 10 дугаар сард хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулсан бөгөөд энэ хүрээнд арбитрч, мэргэжилтнүүдийг сургалтад хамруулах, үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар туршлага солилцох, олон улсын хурал, зөвлөгөөн зохион байгуулах болон сургалт, судалгааг хамтран хийх зэрэг өргөн хүрээний ажлуудыг хийхээр тохиролцсон юм.

Санамж бичигт тусгагдсан дээрх үйл ажиллагаануудын хүрээнд цаашид хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх, төсөл хөтөлбөрүүд хамтран хэрэгжүүлэхээр хатагтай Гриммертэй тохиролцлоо.

Түүнчлэн ирэх 2020 онд тохиох МОУА-ын 60 жилийн ойн арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урихад тэрээр 10 жилийн өмнө Монголд очиж байсан бөгөөд ирэх жил дахин ирж Монгол орноор аялахын зэрэгцээ МОУА-ын үйл ажиллагаатай танилцахдаа баяртай байгаагаа илэрхийлсэн юм.