Мэдээ, мэдээлэл
 

Баярын хурлыг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин "Монгол Улс хууль эрх зүйн орчинтой холбоотой үзүүлэлтүүдээр олон улсын хэмжээнд нэлээд хойгуур байрыг эзэлж байгаа бөгөөд бизнесийн маргааныг шийдвэрлэх хууль эрх зүйн орчныг сайжруулах, түүний үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд арбитрын эрх зүйг боловсронгуй болгох, арбитрын байгууллагыг институцийн хувьд бэхжүүлэх, чадавхийг сайжруулах нь чухал байгааг МҮХАҮТ-ын зүгээс цаашид анхаарч, санаачилга гарган дэмжиж ажиллах болно.

Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитр нь 2013 оны үед жилдээ 11 хэрэг хүлээн авч хянан шийдвэрлэдэг байсан бол 2020 онд 94 хэрэг хүлээн авч хянан шийдвэрлээд байгаагаас харахад цаашид өсөх хандлагатай байна" хэмээн онцоллоо.

МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын арбитрын дарга С.Энхцэцэг "Өнөөдөр арбитр нь Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалт, аж ахуй, бизнесийн үйл ажиллагаа зэрэг эдийн засгийн болон эдийн бус баялагтай холбоотой аливаа гэрээнээс үүссэн маргааныг талуудын тохиролцооны үндсэн дээр хянан шийдвэрлэдэг хамгийн боловсронгуй арга механизм болон хөгжиж байна.

Бизнесийн маргааныг шийдвэрлэж, биелэлтүүдийг хангуулах цаг хугацаа, зардал, шат дамжлагийг бууруулж, арбитрын үйлчилгээг илүү сайжруулахын тулд хэрэг хянан шийдвэрлэх хууль тогтоомж,  дүрэм, журмуудыг өөрчлөхөөр ажлын хэсгүүдийг байгуулан ажиллаж байна." хэмээгээд арбитрын байгууллагын үе үеийн удирдлагууд болон нийт арбитрчууддаа ойн баярын мэндчилгээ дэвшүүлж амжилт хүслээ.

Арбитр нь бизнесийн гэрээнээс үүдэлтэй хэрэг маргааныг шүүхэд очилгүйгээр, нэг шаттай хэлэлцэж, дэлхийн 160 гаруй оронд хүчин төгөлдөр шийдвэр гаргадаг байгууллага юм. МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитр нь сүүлийн 2 жилийн хугацаанд нийт 248 хэрэг маргаан шийдвэрлэжээ.

Цаашид арбитраар үйлчлүүлэх бүх үйл ажиллагааг цахимжуулах, Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх дүрмийг шинэчлэх, арбитрын хараат бус байдлын журмыг боловсронгуй болгох зэрэгт анхааран ажиллаж байна.

Энэхүү ойдоо зориулж арбитрын нэгэн зууны түүхийг товчоолсон ном, баримт бичиг, гэрээний эмхэтгэлүүд гаргаснаа өнөөдрийн баярын хурлын үеэр танилцууллаа.

Арбитрын түүхэн товчоон номын зохиогчоор А.Доржготов, Т.Мэндсайхан, С.Энхцэцэг нарын хуульчид ажилласан байна.