Мэдээ, мэдээлэл

Монголын Олон Улсын Арбитрын дарга С.Энхцэцэг болон Докуформ ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Золзаяа нар 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Докуформ ХХК нь Lexub хууль зүйн бичиг баримтын цахим талбарыг /platform/ олон улсад хөгжүүлэн нэвтрүүлж байгаа компани юм. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд МОУА-ын арбитрчид болон ажлын албаны зүгээс бүтээсэн ном, гарын авлага, сэтгүүл зэрэг хууль эрх зүйн бүхий л төрлийн баримт бичгийг олон улсын хэмжээнд цахим хэлбэрээр байршуулах боломжтой болж байгаа билээ.

Хамтын ажиллагааны эхлэл болгон МОУА-ын зүгээс Монгол Улсад Арбитрын Байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулан гаргасан “Монгол Улс дахь Арбитрын Байгууллага-түүхэн товчоон 1930-2020”, “Монгол Улс дахь Арбитрын эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл”, “Арбитрын сэдэвт эрдэм шинжилгээний нийтлэлийн эмхэтгэл” гэсэн бүтээлүүдийг lexub.com цахим талбарт байршуулан нийтийн хүртээл болгож байна.

Цаашид Монгол дахь арбитрын байгууллагыг олон улсад таниулах ажлын хүрээнд гадаад хэл дээр туурвисан бүтээлийг хуульчдад түгээх нэгэн боломжийг нээсэн үр өгөөжтэй хамтын ажиллагаа болно гэдэгт итгэлтэй байна. 

Хуульч, эрх зүйч, судлаач нарт өөрийн бүтээлийг олон улсад таниулан сурталчлах боломж олгож буй lexub platform-ийг хөгжүүлэгч компанийн хамт олонд цаашдын ажилд нь амжилт хүсье!