Мэдээ, мэдээлэл

Арбитрын маргаан шийдвэрлэх ажиллагаа нь хувь хүн болон хуулийн этгээдийн хооронд үүссэн арбитрын хэлэлцээр бүхий маргааныг талуудын тохиролцсон журмаар, Монгол Улсын арбитрын тухай хууль болон Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх дүрэм төдийгүй гэрээний талуудын сонгосон хууль, дүрэмд заасны дагуу шийдвэрлэх үйл явц юм. Арбитрын ажиллагаа нь хэргийн зохигчид тохиролцсон тохиолдолд нээлттэй явуулахаар журам тогтоосноос бусад тохиолдолд хаалттай явагддаг учраас шүүхийн шийдвэрийн нэгэн адил арбитрын шийдвэрийг олон нийтэд зарлах боломжгүй тул ийнхүү арбитрын ажиллагаа нь нээлттэй явагдсан зарим хэргүүдийн зохигчдын мэдээллийг нууцлан хэргийн шийдвэрийг тус номд тусгасан.

МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитраас арбитрын шийдвэрүүдийг түүвэрлэн эмхэтгэл болгон 2006, 2012 онуудад тус тус хэвлэн гаргаж байсан бөгөөд энэ удаагийн 3 дахь хэвлэлтэд 2012-2019 оны хугацаанд шийдвэрлэсэн хэргүүдээс түүвэрлэн, иргэн байгууллага хоорондын худалдах, худалдан авах, хамтран ажиллах, зээлийн, ажил гүйцэтгэх орон сууцны захиалгын, болон түрээсийн гэрээнээс үүссэн нийт 48 хэргийн шийдвэрүүд багтсан.

Энэхүү шийдвэрийн эмхэтгэл нь маргаан шийдвэрлэх ажиллагаа, олон улсын арбитрын ажиллагааны талаар сонирхон судалдаг эрдэмтэн судлаач, оюутнуудын хувьд судалгааны өндөр ач холбогдолтой эх сурвалж болно гэж найдаж байна.

Тус эмхэтгэлийг хэвлэхэд санхүүгийн туслалцаа үзүүлсэн Европын холбооны “Монголын худалдааг дэмжих төсөл” /TRAM Project/-д гүн талархал илэрхийлье.