Мэдээ, мэдээлэл

БНХАУ-ын дарга Си Жиньпин нь “Бүс ба зам санаачилга”-ыг 2013 онд эхлүүлсэн бөгөөд энэ нь оролцогч орнуудын хөгжил, харилцаа холбоо, хамтын ажиллагаа, худалдааг дэмжих зорилтын хүрээнд хил дамнасан бараа, үйлчилгээний худалдааг дэмжиж эдийн засгийг амжилтад хүргэх зорилготой санаачилга юм.

“Бүс ба зам санаачилга”-ын ач холбогдол хийгээд үр нөлөөг дэмжих үүднээс БНХАУ-ын Олон улсын эдийн засаг, худалдааны арбитрын хороо (CIETAC) нь олон улсын арбитрын 8 байгууллагатай хамтран “Бүс ба зам”-ын Арбитрын байгууллагуудын дугуй ширээний анхны хэлэлцүүлгийг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгуулсан. Тус хэлэлцүүлэгт маргаан шийдвэрлэх олон улсын 30 байгууллагын төлөөлөл, БНХАУ-ын хэд хэдэн арбитрын байгууллагууд оролцсон бөгөөд “Бүс ба зам”-ын Арбитрын байгууллагуудын “Бээжингийн хамтын тунхаглал”-ыг баталсан юм. Энэхүү Тунхаглал нь “Бүс ба зам”-ын маргаан шийдвэрлэх системийг бататгах, олон улсын арбитрын байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулахад чиглэж байгаа билээ.

Дээрх Тунхаглалын хэрэгжилтийг идэвхжүүлэх үүднээс CIETAC болон 30 орчим улсын арбитрын байгууллагууд хамтран “Хамтын ажиллагааны механизм” (Cooperation mechanism)-ыг санаачлан эхлүүлсэн бөгөөд энэ нь арбитрын байгууллага хооронд онол, практикийн туршлага солилцох, харилцаа холбоогоо идэвхжүүлэх зорилготой юм. CIETAC-аас 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “Хамтын ажиллагааны механизм”-д Монголын Олон Улсын Арбитрыг гишүүнээр элсэн хамтран ажиллах урилга ирүүлснийг бид хүлээн авч, гишүүнээр элсэх саналаа илэрхийлсэн бөгөөд цаашид CIETAC хийгээд бусад гишүүн байгууллагуудтай хамтран сургалт зохион байгуулах, хамрагдах талаар санал солилцож байна.

CIETAC нь сүүлийн жилүүдэд “Бүс ба зам”-ын оролцогч орнуудын арбитрчдаас өөрийн арбитрчдын жагсаалтдаа элсүүлэх ажлыг идэвхтэй өрнүүлж байгаа бөгөөд арбитрчдынхаа тоог 51-ээс 78 болгоод байгаа юм. Энэ хүрээнд МҮАХҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрын арбитрч О.Номинчимэг нь CIETAC-ийн арбитрчдын жагсаалтад бүртгэгдээд байна.