Мэдээ, мэдээлэл

Цар тахлын нөхцөл байдал, түүнтэй холбогдуулан Монгол Улсын төрийн эрх бүхий байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд нийцүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулах, арбитрын журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан иргэдэд тасралтгүй, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор 2021 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн Монголын Олон Улсын Арбитрын Арбитрчдын зөвлөлийн тогтоолоор хүчин төгөлдөр үйлчилж буй Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх дүрэмд нэмэлт оруулж арбитрын хуралдааныг цахим хэлбэрээр явуулах нөхцөлийг бүрдүүлсэн билээ.

Үүний дагуу Монголын Олон Улсын Арбитрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн тушаалаар “Арбитрын хуралдааныг цахим хэлбэрээр явуулахад дагаж мөрдөх удирдамж”-г батлан арбитрын журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэгжүүлж эхлээд байна. Тус удирдамжийг олон улсын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын туршлага, үйл ажиллагаандаа мөрдүүлж буй баримт бичиг, техникийн болоод нууцлалын шаардлага зэргийг нарийвчлан судалж Монгол Улсын онцлогт нийцүүлэх байдлаар боловсрууллаа.

Монгол Улсын төрийн эрх бүхий байгууллагаас хуулийн дагуу гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргахдаа хязгаарлалт тогтоохгүй үйл ажиллагааны жагсаалтыг давхар баталж байсан билээ. Тус жагсаалтад арбитрын журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хамрагдахгүй байснаас удаа дараа тогтоосон хөл хорионы шийдвэрийн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тасалдах нөхцөл үүсээд байсан юм.

Арбитрын журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хэргийн зохигчдын хэлэлцэн шийдвэрлэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг чанд баримтлан явагддагаараа шүүхийн ажиллагаанаас ялгагдах бөгөөд талууд урьдчилан харилцан тохиролцсоноор арбитрын хуралдааныг цахим хэлбэрээр явуулах нөхцөл албан ёсоор бүрдэх юм.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 04 дүгээр сарын 08 өдрийн 91 дүгээр тогтоолоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 06:00 цагаас 5 дугаар сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн хатуу хөл хорио тогтоосон. Тус хугацаанд арбитрын урьдчилсан хуралдаан 2, шийдвэрлэх хуралдаан 2, нийт 4 хурлыг цахимаар амжилттай зохион байгууллаа. Үүнээс нэг хуралдаан нь эцэслэн шийдвэрлэгдсэн байна.

Арбитрын хуралдааныг цахимаар зохион байгуулахад оролцогч талууд хуралд оролцох төхөөрөмжийг тогтвортой, найдвартай, хурдан интернет эх үүсвэрээр хангах нь цахим хуралдааныг саадгүй хийх гол түлхүүр болж байна. Мөн хэргийн зохигчдын хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар цахим хуралдаан болохоос өмнө итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөр томилогдсон талаарх нотлох баримтын шаардлага хангасан баримт бичгүүдийг арбитрын албан ёсны мэйл хаягт /This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it./ илгээснээр цахим хуралдаанд албан ёсоор нэвтрэн оролцох эрхтэй болох юм. Иймд арбитрын хуралдааныг цахимаар хийхээр тохиролцсон талууд тус шаардлагыг анхааралдаа авахыг хүсэж байна.

Монголын Олон Улсын Арбитрын Ажлын алба