Мэдээ, мэдээлэл

МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрын ажлын албанаас Монголын Банкны холбоотой “Банкны үйл ажиллагаан дахь гэрээнээс үүдэлтэй маргааныг арбитрын журмаар хянан шийдвэрлэх нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уулзалтын эхэнд Монголын Олон Улсын Арбитрын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Шинэбаяр Шүүх болон арбитрын хэргийн харьяалал, зээлийн гэрээний маргааныг шийдвэрлэж буй шүүх ба арбитрын харьцуулалтын талаар мэдээлэл өгсөн бол Нарийн бичгийн дарга Н.Батдорж Арбитрын журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажллагааны онцлог, давуу талын талаар мэдээлэл хийв.

МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитр нь 1960 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа Монгол Улс дахь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байнгын арбитр бөгөөд Арбитрын бүрэлдэхүүнд хууль, эдийн засаг, санхүү, уул уурхайн мэргэжлийн мэргэшсэн дотоодын 64, олон улсын 31, нийт 95 арбитрчийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Арбитраар маргаанаа шийдвэрлүүлэх нь цаг хугацааны хувьд шуурхай, зардал бага, хэрэг шийдвэрлэх арбитрчаа сонгох, талууд хэрэг хянан шийдвэрлэх журам буюу арбитрын хуралдааныг явуулах газар, хэрэглэх хэл, хууль, хугацаа, талуудаас болон эрх бүхий байгууллагаас лавлагаа, нотлох баримт гаргуулах, гэрч, шинжээч, орчуулагч оролцуулах, хөрөнгө битүүмжлэх, арбитрын ажиллагааны нууцлал зэргийг харилцан тохиролцдог зэрэг онцлог, давуу талтай юм. Тухайлбал, Шүүхээр Зээлийн гэрээний маргаан шийдвэрлэх дундаж хугацаа 6,2 жил гэсэн судалгаа байгаа бол Арбитраар хэрэг шийдвэрлэж буй дундаж хугацаа 191,7 өдөр-6 сар байна. Он гарснаас хойш 119 хэрэг хүлээн авснаас одоогоор 85 хэрэгт үйл ажиллагаа явагдаж байна.

Уулзалтын үеэр зээлдэгч, зээлдүүлэгчийн харилцааг арбитраар шийдвэрлэх боломжийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн Банкуудын төлөөлөл арбитрын үйл ажиллагаа, онцлогийн талаар сонирхсон асуултуудаа асууж, МОУА-ын дарга С.Энхцэцэг, Арбитрч, дэд профессор, хууль зүйн ухааны доктор Т.Мэндсайхан нараас дэлгэрэнгүй хариулт авлаа.

Монголын Банкны холбооны Ерөнхийлөгч Б.Мэдрээ уулзалтыг хааж хэлсэн үгэндээ зээлийн гэрээний маргааныг богино хугацаанд зардал багатай шийдвэрлэх нь зайлшгүй тулгамддаг асуудлын нэг гэдгийг онцлоод энэ тал дээр хамтран ажиллах, цаашид арбитрын талаар ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр банкуудын холбогдох ажилтнуудад сургалт явуулах боломжтой гэлээ. Энэ удаагийн уулзалт ойлголтуудаа нэгтгэсэн, ажил хэрэгч уулзалт, хэлэлцүүлэг болсныг уулзалтын дүнд тэмдэглэв.