Мэдээ, мэдээлэл

Монголын олон улсын арбитрын дарга С.Энхцэцэг, ерөнхий нарийн бичгийн дарга М.Шинэбаяр, хуулийн мэргэжилтэн Ө.Бат-Эрдэнэ нар Монголын Нотариатчдын танхимын шинэ ерөнхийлөгч Ч.Баянжаргалтай уулзан Монголын Нотариатчдын танхимын ерөнхийлөгчөөр томилогдсонд баяр хүргэж ажлын амжилт хүсэн цаашид хамтран хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Арбитр нь Монголын Нотариатчдын танхимтай 2019 оны 10 сарын 14-ний өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бөгөөд тус санамж бичгийн хүрээнд нотариатын байгууллагаар үйлчлүүлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд санал болгодог гэрээний загварт арбитрын загвар заалтыг сонгох боломжийг оруулах, арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар нийт нотариатчдад сургалт орох зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр тохиролцож байсан юм.

Тус уулзалтын үеэр өмнө байгуулсан санамж бичигт тусгагдсан ажлуудыг үргэлжлүүлэхийн зэрэгцээ шүүхийн бус аргаар маргаан шийдвэрлэх сонголтот аргуудын талаар иргэд, олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд арбитр, Монголын Нотариатчдын танхим, бизнесийн маргаан эвлэрүүлэн зуучлах байгууллага болон холбогдох бусад байгууллагуудын төлөөллийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулах, контент бэлтгэн олон нийтэд хүргэх зэргээр хамтран хэрэгжүүлж болох бусад ажлуудын талаар хэлэлцлээ.

Уулзалтын төгсгөлд Монголын олон улсын арбитрын дарга С.Энхцэцэг арбитраас эрхлэн гаргасан бүтээлийг Монголын Нотариатчдын танхимын ерөнхийлөгч Ч.Баянжаргалд гардуулан өгсөн бол Монголын Нотариатчдын танхимын ерөнхийлөгч Ч.Баянжаргал “Монгол Улсын Нотариат – Түүхэн товчоон” I болон II боть номыг арбитрын номын санд дурсгалаа.