Мэдээ, мэдээлэл

“MOCK TRIAL-2021” шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг Монголын Хуульчдын холбооны Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжих хороо, Иргэний эрх зүйн хороо, Шүүгчдийн хороо, Эрүүгийн эрх зүйн хороо, Захиргааны эрх зүйн хороо, Монголын Олон Улсын Арбитр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхүүд хамтран зохион байгуулсан бөгөөд Хүний эрхийн Үндэсний комисс, “Чимид” сан зэрэг байгууллагууд дэмжлэг үзүүлж ажиллалаа.

“MOCK TRIAL-2021” шүүхийн мэтгэлцээний тэмцээний арбитрын мэтгэлцээний төрөлд Монгол Улсын Их Сургууль, Шихихутуг Их Сургууль, Их Засаг Олон Улсын Их Сургууль, Дотоод Хэргийн Их Сургууль, Улаанбаатар Их Сургуулийн багууд тус тус оролцсоноос Б.Баасандорж багштай МУИС-ийн ХЗС-ийн баг тэргүүн байр, Б.Оюун-Эрдэнэ багштай “Шихихутуг” их сургуулийн баг дэд байрыг эзэллээ. Мөн МУИС-ийн ХЗС-ийн оюутан Ч.Болормаа шилдэг илтгэгчээр шалгарлаа.

Тэмцээний хаалтын ажиллагаанд Монголын Олон Улсын Арбитрыг төлөөлж арбитрч Т.Алтангэрэл хэлсэн үгэндээ "ирээдүйн хуульчид, өмгөөлөгчид, арбитрчид болох оюутнуудад чиглэсэн шүүхийн мэтгэлцээний тэмцээн, арбитрын эрх зүйн сэдэвт эрдэм шинжилгээний хурал зэрэг арга хэмжээг бие даан болоод хамтран зохион байгуулж оюутнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэхэд байгууллагын зүгээс цаашдаа ч анхаарах болно" гэдгийг онцлон дурдлаа.